Кембриж Монгол Улсад анх удаа багшийн хөгжлийг дэмжих зорилготой Face to Face сургалтыг IGCSE буюу бүрэн дунд боловсролын Математик, Англи хэлний хичээлийн түвшинд Орчлон ОУ-ын сургууль дээр 9-р сарын 27-30ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт нь Хятад улсаас өөр улсад зохион байгуулагдаж буй анхны үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой болж байна. Бүс нутгийн хэмжээнд явагдаж буй энэхүү сургалтыг зохион байгуулахаар Англи улсаас мэргэжилтэн багш нар, Кембрижийн зүүн Азийн бүсийн төвийн удирдлага, менежерүүд хүрэлцэн ирж 21-р зууны суралцагчдад зориулсан сургалтын арга зүй, Кембрижийн хөтөлбөрийн онцлог шинэчлэлийн талаар 2 өдрийн турш сургалт зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хөтөлбөртэй төрийн ба төрийн бус өмчийн сургуулиудын болон Хятад, Хонг Конг, Тайван зэрэг улсаас ирсэн багш нар хамрагдаж харилцан туршлага солилцлоо.

Орчлон ОУ-ын сургууль Кембрижийн хөтөлбөрийг 2008 оноос эхлэн албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 онд албан ёсны Кембрижийн багш хөгжлийн төв болж улмаар 30 орчим багшийг бэлтгээд байна.

Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан энэ сургалтын үеэр дэлхийд чанараараа тэргүүлдэг Их Дээд сургуулиудын төлөөлөл ирж Кембрижийн хөтөлбөртэй төрийн болон төрийн бус өмчийн 13 сургуулийн ахлах ангийн сурагчдад танилцуулга хийлээ.

Энэхүү сургалтыг Монгол Улсад зохион байгуулсан нь Дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших алтан боломжийг олгож буй сургуулиудад төдийгүй Монгол улсын боловсролын салбарт эдийн засгийн болон сургалтын чанарын хувьд үр ашигтай үйл ажиллагаа болсон гэдгийг онцлон тэмдэглэлээ.