Кембрижийн хөтөлбөрөөр суралцагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Дэлхий нийтийг хамарсан хүнд хэцүү энэ үед та бүхэн гэр бүлээрээ аюулаас хол, эрүүл саруул байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бид  сургуулиудаа олон бэрхшээлтэй тулгарч байгааг сайтар ойлгож байгаа бөгөөд та бүхнийг   тодорхой мэдээллээр хурдан шуурхай ханган ажиллахыг зорьж байна.

Нарийн төвөгтэй асуудлууд байгаа хэдий ч бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гаргаж буй шийдвэрүүд бүх Кембрижийн сургуулиудын нөхцөл байдалд тохирох шаардлагатайгаас гадна шударга, адил тэгш байх зарчмыг баримтлал болгож байна.

Бидний шийдвэр суралцагчдын аюулгүй байдлыг хангах, боловсролын зохих түвшний мэдлэг чадварыг хангалттай эзэмшсэн эсэхийг бодитой үнэлэхэд чиглэж байна.

2020 оны хаврын шалгалтыг цуцлах шийдвэртэй холбоотой шалгалтад бүртгүүлсэн сурагчдад дүн өгөх удирдамжийг Кембрижийн сургуулиуд  4-р сарын 7-ны өдөр хүлээн авсан билээ.

Сургуулиуд сурагчдын сонгосон хичээл тус бүрээр нотолгоонд суурилсан дүнг ирүүлэх бөгөөд ингэхдээ дараах 4 алхмыг дагаж мөрдөнө. Үүнд:

  1. Сурагчийн сонгосон хичээл тус бүрийн урьдчилсан дүнг гаргах
  2. Хичээл тус бүрээр ижил дүн авсан сурагчдыг эрэмбэлэх
  3. Сургуулийн захирал сурагчдын дүн болон эрэмбэлсэн байдлыг баталгаажуулж Кембриж боловсрол ба үнэлгээний төвд илгээх
  4. Сургуулиудаас ирүүлсэн өгөгдлийг (school data) Кембриж хүлээн авсны дараа нийт мэдээлэлд дүн шинжилгээ хийж нэгдсэн стандарт гаргах ба үүнд үндэслэн эцсийн дүнг сурагчдад олгоно.

Тухайн хичээлийг судалсан суралцагчдын гүйцэтгэлийг (дүн) үнэлэхдээ сургуулиуд мэргэжлийн өндөр түвшин, ёс зүйн шударга зарчимд тулгуурлан ажиллана гэдэгт бид итгэлтэй байна.

Үүнтэй холбоотой сурагч, эцэг эхээс ирж буй асуултуудын хариултыг харна уу.

Тэсвэр тэвчээр гарган хичээнгүйлэн суралцаж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад гүнээ талархаж байна. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

                                                                           Christine Ozden Chief Executive,
Cambridge Assessment International Education

Ямар хөтөлбөрүүд хамрагдах вэ?

Cambridge IGCSE, Cambridge O Level, Cambridge International AS & A Level, Cambridge IPQ эсвэл Cambridge Pre-U хөтөлбөрүүдийг судалж, 2020 оны хаврын шалгалтад бүртгүүлсэн нийт суралцагчдад энэ журам үйлчилнэ.

Сургуулиуд урьдчилсан дүнгээ хэрхэн тавих вэ?

Сургуулиуд мэргэжлийн өндөр түвшинд ажиллан өөрсдийн хуримтлуулсан туршлагадаа үндэслэн тухайн суралцагч 2020 оны хавар танхимаар шалгалт өгөхөд авч болох байсан хамгийн бодитой дүнг тавина.

Ингэхдээ тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг чадварыг бүрэн харуулах олон төрлийн нотлох баримтад үндэслэнэ. Нотлох баримт нь шалгуулагчийн 2020 оны хаврын шалгалтад бэлтгэх явцдаа  хийсэн жишиг даалгавар, шалгалтын материал, шалгалтын бус даалгавар болон явцын гүйцэтгэл байж болох юм. Доорх жагсаалтыг жишээ болгон дурдаж байгаа бөгөөд нотлох баримт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.

  • Явцын болон урьдчилсан шалгалт
  • Бие даалтын  ажил (бүрэн эсвэл бүрэн бус)
  • Бусад хэлбэрийн даалгаварууд
  • А level – ийн шалгалт өгөх гэж байгаа бол AS түвшний үр дүнг харах
  • Retake буюу дахин шалгалт өгөх гэж байгаа бол өмнөх шалгалтын дүнг харгалзан үзэх гэх мэт орно.

Түүнчлэн дүнгээс гадна хичээл бүрээр сурагчдыг эрэмбэлсэн байх шаардлагатай бөгөөд энэ нь бодитой дүн гаргахад чухал.

Сурагчдыг үнэн бодитой үнэлэх  боломжийг бүрдүүлэх зорилгоор сургуулиудад дүн тавих, эрэмбэлэх талаар дэлгэрэнгүй зааварчилгааг өгсөн.

Урьдчилсан дүнг Кэмбриж рүү хэзээ, хэрхэн илгээх вэ?

Кембриж сурагчдын дүн мэдээг цахимаар авах сүлжээний бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд бэлэн болмогц дэлгэрэнгүй зааварчилгааг илгээх юм. Төвүүдээс дүн мэдээг 2020.5.29-ний өдрөөс эхлэн хүлээн авахаар төлөвлөж байна.

Манай хүүхэд энэ дүнг авахын тулд шинээр даалгавар бие даалт хийх хэрэгтэй юу?

Сургуулиуд сурагчдыг дүгнэхийн тулд нэмэлтээр шалгалт авах, гэрийн даалгавар болон бие даалт өгөх шаардлагагүй боловч зарим сургуулиуд өөрсдөө дотоод зохицуулалт хийж болно. Сургуулиуд сурагчдыг шударгаар дүгнэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Сургуулийн гаргаж өгсөн дүн хэр бодитой вэ?

Сургуулийн гаргаж өгдөг урьдчилсан дүн нь Кэмбрижийн хувьд маш чухал нөлөөтэй. Хэдийгээр энэ нь урьд өмнө үүсэж байгаагүй нөхцөл байдал хэдий ч сургалт хэвийн явагдаж байсан тохиолдолд сургууль багшийн тавьдаг дүн хамгийн бодитой байдаг.

Хэрвээ миний  хүүхдийн талаарх  сургуулийн шийдвэрт сэтгэл хангалуун биш бол яах вэ?

Хэрвээ сэтгэл хангалуун биш байх тохиолдолд сургуультай уулзаж ярилцах хэрэгтэй. Аливаа сургууль сурагчаа хамгийн сайн мэддэг төдийгүй эцэг эх, сурагчид хамтран хэлэлцэж асуудлыг шийдэх нь зөв юм.

Түүнчлэн шалгалтын талаарх асуудлаар Кэмбриж сурагчидтай шууд харилцдаггүй бөгөөд сургууль суралцагчидтай шууд харилцдаг.

Дээрх асуудлаар сургуультайгаа уулзаж ярилцахыг санал болгож байна.

Сургуулийнхаа тавих гэж байгаа дүнг сурагчид харж болохуу?

Үгүй. Эцсийн үр дүн гарахаас өмнө сурагчдын дүн болон эрэмбийг эцэг эх, сурагчдад танилцуулахгүй байх удирдамжийг сургуулиудад хүргүүлсэн.

Багш нар болон, сургалтын алба дүн тавих явцдаа нөлөөлөлд автахгүйгээр бодитой дүн тавих боломжийг бүрдүүлэх үүднээс ийм шийдвэр гаргасан.

Дүн хэзээ гарах вэ?

Дүн 8 сард гардаг ба хуваарьт хугацаанаас  хойшлохгүй.

2020 оны хаврын олон улсын шалгалтын энэхүү дүн нь өмнөх жилүүдийн болон ирээдүйд авах дүнгүүдтэй ижил үнэ цэнэтэй байж чадах уу?

Тиймээ. Энэ жилийн дүн нь өмнөх жилүүдийн дүнгүүдтэй адилхан үнэ цэнэтэй байх бөгөөд их дээд сургуулиуд болон бусад боловсролын байгууллагууд ч  гэсэн хүлээн зөвшөөрөх болно.

Сурагчид энэхүү дүнгээ ашиглан дараа дараагийн шалгалтаа өгөх, боловсролын байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй юу?

Тиймээ. Сурагчид энэ жилийн дүнгээ ашиглан дараа дараагийн шатны шалгалтаа өгөх бусад боловсролын байгууллагаар үйлчлүүлэх бүрэн эрхтэй.

Сурагчид дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй юу?

Сургууль бүр  шударга тэгш тогтолцоотой байх үүднээс  сурагчдынхаа дүнг  хүлээн зөвшөөрөхгүй байж гомдол гаргах эрхтэй. 2020 оны хаврын шалгалттай холбоотой гомдол саналыг хэргэн шийдвэрлэх тухай журмыг бид хэлэлцэж байгаа. Тодорхой болохоор бид та бүхэнд мэдээлэх болно.