“Орчлон” ахлах сургууль энэ хичээлийн жилээс эхлэн төгсөгчдийнхөө дунд “Дадлагажигч багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. 

Уг хөтөлбөрийн талаар “Орчлон” ахлах сургуулийн захирал Б.Анар “Орчлон сургуулийн 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хугацаанд 600 гаруй сурагч төгсгөлөө. Бид төгсөгчтэйгөө харилцаа холбоотой байж, шаардлагатай мэдээллийг хуваалцан, дэмжиж ажилладаг. 

Энэ удаад бид “Дадлагажигч багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэн, гурван төгсөгчөө хамруулж байгаа” гэв.

Б.Анар: Ажлын байран дээр баримтлах зарчим, цагаа зохицуулах зэрэг олон зүйл сурах боломжийг олгож байна

 Гэрэл зургийг mpa.mn

Тэрээр уг хөтөлбөрийн онцлог, давуу талыг тайлбарлахдаа “Манай сургууль олон улсын Кембриж ба үндэсний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, хос хэлний боловсролыг сурагчдадаа эзэмшүүлдэг. Энэ дагуу суралцан төгссөн хүүхдүүд гадаад, дотоодын томоохон их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцаж байгаа нь бидний бахархал юм.

Төгсөгчид маань сурагч байх хугацаандаа эзэмшсэн мэдлэг, их, дээд сургуульд элсэх үйл явцын талаар, гадаадын их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг мэдээллийг дүү нартаа хуваалцах боломжийг “Дадлагажигч багш” хөтөлбөрт олгож байгаа. Түүнчлэн их, дээд сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарахад ямар зарчим баримтлах, цагаа яаж зохицуулах вэ зэрэг олон зүйлийг сурч, өөртөө дадал хэвшил болгох боломжийг олгож байна” гэлээ.

Дадлагажигч багш нар нэг сарын хугацаанд мэргэжлийн багшаар удирдуулан хичээлээ заах бөгөөд долоо хоногт 10 цагийн хичээл заадаг байна. Одоогоор “Орчлон” ахлах сургуульд гурван төгсөгч хөтөлбөрт хамрагдан, багшилж байна. 

Тэдний сэтгэгдлээс хүргэе.

М.Цэлмэг: “Орчлон” сургууль англи хэлийг чанартай заадаг учраас АНУ-д шилжин суралцахад хэлний бэрхшээл гараагүй

 Гэрэл зургийг mpa.mn

-Өөрийгөө танилцуулна уу. Сургуульдаа ямар хичээл зааж байгаа вэ?

-Сайн байна уу. Намайг Мэндсайханы Цэлмэг гэдэг. АНУ-ын Мичиган мужид Albion коллежид Математик, санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа. 

“Орчлон” сургуулийнхаа зургаадугаар ангийн хоёр бүлэгт англи хэлний хичээл зааж байгаа. Мөн сургуулийн хүүхэд хөгжүүлэх цагаар англи хэлний эрчимжүүлсэн хичээл шаардлагатай хүүхдүүдэд тусалдаг.

-Дадлагажигч багшаар ажиллах ямар санагдаж байна вэ?

-Зургаадугаар ангид бусад сургуулиас ирсэн хүүхдүүд ч элсэн суралцаж байгаа. Хэлний түвшин харилцан адилгүй. Тиймээс би хичээлээ заахдаа үүнийг анхаарч, үгийг англи, монгол хэлээр утга, хэрэглээг нь заавал хамт тайлбарлаж байна. 

Хүүхдүүдтэй ажиллах тун сонирхолтой байгаа. Тэдэнд илүү их зүйлийг сонирхолтой байдлаар танин мэдүүлэх зорилгоор хичээл заах арга барилаа шинэлэг байлгахыг хичээдэг. Би их сургуульдаа мөн санхүүгийн хичээлүүдэд туслах багшаар ажилладаг. Бусдад зааж, тайлбарлах явцдаа өөрөө ч суралцаж, сурсан мэдсэнээ илүү баталгаажуулдаг учраас би хичээл заах дуртай. 

-Хэддүгээр ангиасаа Орчлон сургуульд суралцаж эхэлсэн бэ?

-Нэгдүгээр ангиасаа суралцсан. Мөн 8, 9 дүгээр ангидаа АНУ-д шилжин суралцаад буцаж сургуульдаа ирж, 2018 онд төгссөн. 

-АНУ-д хоёр жил суралцсан юм байна. Монголд дунд сургуульд сурч байгаад өөр улсад очиж суралцахад ямар нэг асуудал гарч байв уу. Ихэнх хүүхдийн хувьд хамгийн их тулгамддаг асуудал нь хэлний бэрхшээл байдаг?

-Манай сургууль англи хэлийг дээд түвшинд заадаг гэдгийг Америкт очсон үедээ ойлгосон. Би унаган англи хэлтэй сурагчдын ангид шалгуулж тэнцэж байв. Тухайн үед багш нар ч гайхаж байсан. Учир нь бусад орноос ирсэн хүүхдүүд аялгатай ярих, өгүүлбэр бичихдээ бүтцийн алдаа гаргах гэх мэтээр дутагдалтай байсан. Харин “Орчлон” сургууль англи хэлийг чанартай заадаг учраас миний хувьд хэлний бэрхшээл огт гараагүй. 

-Albion коллежид суралцаж байгаа гэсэн. Сургуульдаа элсэх үйл явц хэрхэн өрнөсөн бэ. Яагаад энэ сургуулийг сонгох болсон бэ? 

-Сурах сургуулиа зөв сонгох нь хамгийн чухал. Заавал Ivy League-н сургуульд сурах шаардлагагүй гэж би боддог. Бакалаврын хөтөлбөрүүд ямар ч сургуульд суралцсан ерөнхий чиг баримжаатай шүү дээ. 

Манай сургууль 2,000-3,000 оюутантай. Профессортойгоо хэдийд ч цаг аваад уулзах, зөвлөгөө авах боломжтой. Харин 20-30 мянган оюутантай том сургуулиудад профессоруудтайгаа уулзах цаг, боломж тун ховор. Багш нартайгаа ойр ажиллах хугацаа хомс гэсэн үг. Мэдээж хэрэг нэр хүндтэй томоохон сургуульд суралцах нь давуу тал ихтэй. 

Гэхдээ миний өгөх зөвлөгөө бол ямар мэргэжлээр, ямар орчинд сурмаар байгаагаа тодорхой болгосны дараагаар сургуулиа судлах хэрэгтэй. Зөвхөн Харвард, Оксфордод л сурна гэж сонголтоо хязгаарлах нь буруу гэж боддог.

 Гэрэл зургийг mpa.mn

-Кембрижийн хөтөлбөртэй сургууль төгссөнөөр ямар давуу талтай байсан бэ?

-Ердөө нэг жишээ татахад, Кембрижийн хөтөлбөрийн “A Level”  гэж бий. Би үүнийг ашиглаж, заавал судлах ёстой эдийн засгийн хичээлүүдийнхээ кредитийг тооцуулсан. Тэгснээрээ нэгдүгээр курсээсээ шууд гүнзгийрүүлсэн хичээлүүд үзэж эхэлсэн. Энэ мэтчилэнгээр олон улсын хөтөлбөрт давуу тал их бий. 

А.Ашид: Хичээлийн явцад сурагчид олон зүйлийг асуудаг. Тэдний асуултад бүрэн хариулахын тулд хичээн ажиллаж байна

 Гэрэл зургийг mpa.mn

-Өөрийгөө танилцуулна уу?

-Намайг А.Ашид гэдэг. Цэцэрлэгээсээ эхлээд бага, дунд, ахлах сургууль гээд 13 жил Орчлон цэцэрлэг, сургуульдаа суралцаж, өнгөрсөн хавар төгссөн. Суралцах хугацаандаа математик, байгалийн шинжлэх ухааны шалгалтаар хамгийн өндөр оноо авч, дэлхийн шилдэг сурагч болсон.

Арванхоёрдугаар ангидаа Кембрижийн их сургуульд элсэх өргөдлөө илгээж тэнцэн, Засгийн газрын  тэтгэлэгт оюутан болоод байгаа. 

-Дэлхийн шилдэг энэ сургуульд элсэхэд зөвлөх багш нар нь их тусалсан уу?

-Тийм ээ. Кембрижийн их сургуульд элсэхэд манай сургуулийн багш, хамт олон тусалж, зөвлөсөн. Сургуульд элсэхэд эссэ бичихээс гадна хоёр шалгалт, нэг ярилцлага авдаг. Гэтэл Монголд шалгалтын төв байгаагүй. Шалгалтаа яаж өгөх тухайгаа бодож байтал манай сургуулийн захирал холбогдох газар руу нь мэйл бичиж, сургууль дээрээ шалгалтын төвийн зөвшөөрөл авч, байгуулсан нь надад их тус болсон.

-Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Биохимийн чиглэлээр суралцдаг. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хичээлүүдээ цахимаар судалж байгаа. Тиймээс өөрийн цаг боломжид тохируулан төгссөн сургуульдаа дадлагажигч багшаар ажиллаж байна.

-Сургуульдаа ирээд хичээл заахад ямар санагдаж байна вэ. Сурагчдадаа ямар хичээл зааж байгаа вэ?

-Хүрээлэн буй орчны менежментийн хичээл зааж байгаа. Энэ нь байгальд хортойгоор нөлөөлж буй хүний үйл ажиллагааны уршгийг яаж бууруулах, ээлтэй технологийг яаж нэмэгдүүлэх талаар судалдаг хичээл. 

Би хичээлээ заахаасаа өмнө судалгааны материалууд их уншсан. Унших, судлах тусам сонирхол их татдаг сэдэв. Хичээлийн явцад сурагчид олон зүйлийг асуудаг учраас тэдний асуултад бүрэн хариулахын тулд хичээн ажиллаж байна.

Энэ хэрээр би өөрөө ч хөгжиж, мэдлэгээ нэмэгдүүлж байгаа юм. Мөн багш нараасаа их зөвлөгөө авдаг.

Ийнхүү төгсөгчид төрөлх сургууль дээрээ дүү нартаа хичээл зааж, өөрсдийн сурсан мэдсэнээ болон суралцах арга туршлагаасаа хуваалцаж байна. “Дадлагажигч багш” хөтөлбөр ихээхэн үр дүнтэй байгаа тул тус сургуулийн хамт олон уг хөтөлбөрийг цаашид тогтмол хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.