Монгол улсын гавьяат багш Ц.Баяраа

Орчлон Олон Улсын сургуулийн Математикийн багш Цогбадрахын Баяраа шинэ цагийн боловсрол үүсэж хөгжсөний 100 жил, Орчлон сургууль үүсгэн байгуулагдсаны 20 дахь жилийнхээ тэгш ой дээр Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнагдлаа.Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас ажлын гараагаа эхэлж Математикийн багшаар 33 жил тасралтгүй багшлахдаа ОУ-ын Математикийн олимпиадын (IMO) 13, ОУ-ын нэрэмжит олимпиадын (IMSO, IMC, Zhautykov ) 30, Улсын олимпиадын 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл медальтан төрүүлж, шавь нар Монгол Улсын төдийгүй дэлхийн топ их дээд сургуулиудад сэргээгдэх эрчим хүч, компьютерийн шинжлэх ухаан, цөмийн физик, нано технологи, зохион бүтээх инженерчлэл, уул уурхай, анагаах ухааны болон бусад нарийн мэргэжлээр суралцан төгсөөд эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг болон бүрд амжилттай ажиллаж байна. Монгол Улсынхаа нэрээр овоглогдсон олон шилдэг залуус Google, Microsoft, Facebook, Amazon, Mitsui, Nikon зэрэг томоохон технологийн компаниудад ажиллаж, Недерланд, Япон, АНУ-ын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад багшилж байгаа нь Ц.Баяраа багшийн хичээл зүтгэл, сурган хүмүүжүүлэх ажлынх нь шууд үр дүн юм. Багшийн гавьяа зөвхөн медалийн тоогоор хэмжигдэхгүй агаад Нийслэлийн тэргүүний лаборатори 1-р сургууль, Орчлон ОУ-ын сургуульд ажиллаж байх хугацаандаа дааж авсан анги, хичээл заадаг сурагчид, хамт олноо урлаг, спортоор үлгэрлэн дагуулж, тэднийг хөгжүүлж, зохион байгуулж манлайлан ажилладаг багш билээ. Тооны Баяраа, сагсны Баяраа, 1-ийн Баяраа , Орчлонгийн Баяраа багш ийнхүү Монгол Улсын Гавьяат Багш боллоо.Ц.Баяраа багшдаа халуун баяр хүргэж, цаашдын гэгээн их үйлс нь үргэлж дэлгэрч байхыг хүсэн ерөөе.