
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”
Жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гараг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцдог бөгөөд энэ жил 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт зарлаж Орчлон ОУ-ын сурууль сургуулилтаа амжилттай зохион байгууллаа. Цар тахалтай холбоотой сүүлийн 2 жилийн хугацаанд сургуулилт хойшлогдсоны улмаас энэ жилийн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-г өргөн хүрээнд таниулах зорилгоор Орчлон ОУ-ын сургуулийн ахлах ангийн сурагчид цэцэрлэг, бага ангийн дүү нартаа энэхүү аяны хүрээнд аюулаас урьдчилан сэргийлэх богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр бэлтгэн хүргэж, Орчлон цогцолбор даяараа нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуулилтад амжилттай хамрагдлаа.
- Эхний дохио дуугарахад, иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээх юм. Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтраана.
- Дараагийн дохио дуугарахад, анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан, яарч сандралгүй баруун гар талаа барьж, нэгийн цуваагаар “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.
- Сүүлийн дохио дуугарахад, та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх үүрэгтэй.





