Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 10-р сарын 10-ны энэ өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийг дэлхий нийтийн гол сэдвүүдийн нэг болгох нь ” уриатайгаар Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон зарлажээ. Дэлхий нийтээр энэ асуудалд анхаарлаа хандуулах, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүн бүр өөрийн сэтгэцийн эрүүл ахуйгаа сахин хамгаалахад чиглэгдсэн зөвлөмж, туслалцаагаар эргэн тойрноо хангах өдөр юм.Орчлон цогцолборын хувьд багш ажилтнууддаа болон суралцагчдад сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг олгох ажлыг нэгдсэн бодлогоор дэмжсээр ирсэн бөгөөд Social-Emotional-Ethical-Learning (SEEL) & Personal-Social-Health-Economic education (PSHE) хичээлүүд, боловсролын сэтгэл зүйчийн яриа, ганцаарчилсан зөвлөгөө тусламж өгөх үйлчилгээг тогтмолжуулж ирлээ. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдыг ч шаардлагатай мэдээ мэдээлэл болон танхим, цахимын сургалтуудаар тогтмол хангаж байна.Стрессээс үүдэлтэй бие махбодийн өөрчлөлт, дэлгэцийн хамаарал, бухимдал, уур уцаар, сэтгэл мэдрэмжээ таниагүйтэй холбоотой үүсэн гарч буй харилцааны асуудал гээд маш олон тооны бэрхшээл хүн бүрийн өдөр тутмын амьдралд тулгарч байна. Энэ бүхнийг шийдвэрлэх, хүндрэлээс сэргийлэх арга бол хувь хүн бүр Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалан хамгаалах энгийн аргуудад суралцах, гэр бүл, ажлын орчинд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд оролцох, сурагч шавь нарынхаа сэтгэл зүйг хүндлэн анхаарч, зөв дадалд сургах явдал юм.Сэтгэл амар амгалан, эрүүл дадалтай, аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа!